Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 11 цаг 26 минут
Мацаг барих ёсны тухайд
Хүмүүс эрүүл байхын тулд ажил амьдралын зөв дэглэм, зөв хэв маягийг  мөрдөж байх хэрэгтэй. Эрүүл байхын нэг үндэс нь зөв хооллолтын дэглэм баримтлах явдал. Зөв хооллолтын дэглэмд хамаарах нэг зүйл бол мацаг барих буюу хоол сойх ёс юм. Мацаг гэдэг нь ямар нэг шалтгаанаар хоол идэх эсвэл ус уухаас тодорхой хэмжээгээр юм уу бүрэн татгалзах гэсэн ойлголтыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл бие организмыг цэвэршүүлэх, өвчнөөс ангижрах, оюун ухаанаа төгөлдөржүүлэх зорилгоор хүн ямар нэг хоолноос, зарим тохиолдолд уснаас татгалзах сайн дурын үйлдэл юм. Мацаг барихыг шалтгаанаас нь хамааруулан шашны, мэргэжлийн, физиологийн, эмгэг, туршилтын гэж ангилдаг.

Эртний шашнууд сүсэгтэн, хуврагууд зөн билэгтэй болох гэж бурхдад ойртох, мөн нүглээ наминчилж буйгаа харуулах, эсхүл хилэгнэсэн бурхныг тайтгаруулах гэж мацаг барьдаг байжээ. Дэлхийн бүх томоохон шашны заншилд мацаг багтдаг. Эрт дээр үед мацаг барихыг Энэтхэг, Түвд, манай Монголчууд ч хамгийн шилдэг арга хэмээдэг байжээ.



Буддын шашны ёсонд мах идэхийг цээрлүүлэх санваарыг мацаг,  цагаан хоол идэх өдрийг мацаг өдөр гэж нэрлэж заншжээ.

Жүүдийн шашинд Ём Киппур зэрэг мацгийн тусгай өдрүүдтэй. Христийн сүмүүд Есүс цөлд мацаг барьж байсныг дууриаж Улаан өндөгний баярын өмнөх 40 хоногт (Ням гарагийг оруулахгүйгээр) мацаг барьж өдөрт нэг удаа оройн хоол иддэг бөгөөд мах, загас, өндөг, цөцгийн тос хэрэглэхийг хориглодог. Эдгээр дүрмүүд нь аажмаар зөөлөрч Барууны христийн шашинд духан дээрээ үнсээр тэмдэглэж наминчлал хийдэг уламжлалтай мацаг барих эхний өдөр болох Үнсдэх Лхагва гариг болон Сайн Баасан гарагийг мацаг барих өдөр болгожээ. Мацаг барих дүрмүүд нь үнэн алдартны шашинд илүү хатуу байдаг. 

Лалын шашинтнуудын ариун сар болох Рамадан нь исламын тооллоор 9 сард тохиодог бөгөөд энэ үеэр наран ургахаас жаргах хүртэл хооллож, тамхи татаж, архи ууж, амттан аль эсвэл мансууруулах зүйлс хэрэглэхийг, мөн секс хийхийг хуулиар хориглодог байна. “Амьд бие махбодь өлсөх үеэр хэрхэн зовдгийг бурхны шавь нар өөрийн бие дээр мэдрэх учиртай. Ингэснээр бусад амьтны зовлон, шаналлыг мэдэрч хайрлах болно.” гэж Коран сударт заасан тул лалын шашинт хэн бугай ч үүнийг даган мөрдөх ёстой. Харин өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд мацаг барихгүй байж болдог аж.

Мацаг нь бие махбодын байгалийн цэвэршилтийн процесс бөгөөд эрт үеийн мэргэд ухаантнууд тогтмол мацаг барьдаг байсан, ингэхдээ дан ганц эрүүл байхын тулд ч биш, сэтгэхүй, оюун санааны өндөрлөгт хүрэх зорилготой байжээ. Тиймээс ч тэд “Хоолтой ходоод бодох дургүй” гэдэг байжээ. Сократ, Платон, Пифагор зэрэг эртний грекийн гүн ухаантнууд ном бичих буюу тодорхой ажил гүйцэтгэхийн өмнө үргэлж мацаг барьдаг байжээ. Түүнчлэн Эртний Египетийн даяанч нар ч урт хугацаагаар мацаг барьдаг байжээ. Нэрт математикч Пифагор оюуны нандин ухаанд суралцахаар Египет рүү очиход тэндхийн багш нар нь түүнд: <<Бидний заах юмыг чи ойлгохын тулд 40 хоног мацаг барихад болно>> гэж хэлсний дагуу тэрээр тэнд 40 хоног мацаг барьсан, Мосей Синайн ууланд очиж 10 гэрээслэл авахын өмнө 40 хоног мацаг барьсан, Есүс ч бүхий уруу татах зүйлсийг ялж гарах хугацаандаа 40 хоног мацаг барьсан тухай Библийн сударт өгүүлсэн буй. Будда ч материаллаг ертөнцөөс сэтгэлээ тасалж ухамсрын оргилд хүрэх гэж үргэлж мацагладаг байсан бөгөөд тэрээр урт удаан мацгийнхаа дараагаар (40 хоног орчим) гэгээрэлд хүрсэн тухай бичсэн байдаг. Тэд тодорхой хугацаанд хоол ундыг тэвчин зогсоох нь бие махбодыг өөрөөр нь цэвэршүүлж, хуримтлагдсан хор хаягдлыг хөөж гаргаснаар хоол боловсруулахад зарцуулагдах их энерги гүн бясалгал мэтийн оюуны үйлдэл хийхэд тархинд үйлчилдэг гэдэгт бат итгэлтэй байсныг эх сурвалжид тэмдэглэж үлдээсэн байдаг.

Монголчуудын хувьд ч мацаг барих нарийн дэг журамтай, биеийг хорт бодисоос цэвэрлэх хэвшсэн арга байжээ. Ялангуяа урьдын цагт лам нар махан хоолыг тэвчиж, тодорхой хугацаанд “мацаг барих” сахилтай байсан бөгөөд монголчууд мах ерөөс иддэггүй хүнийг “мацагтай хүн” гэж нэрлэдэг байв. Ийм хүмүүс хүний ходоодонд 42 балга унд ус багтана гэж үзээд дээрхи ус багтах хэмжээний шавар аяга хийж үүнээсээ анхны өдөр 42, дараа өдөр нь 41 гэх мэтээр хоног хоногоор багасгаж ходоодоо дасган мацаг барьж бие махбодоо цэвэрлэдэг байсан, харин малчин ардууд сүү цагаан идээгээрээ улаан идээний “бурыг” арилгадаг байсан тухай эрдэмтэн зохиолч Л.Түдэв бичжээ. Монгол хэлний тайлбар тольд тэмдэглэснээр “Бур” гэдэг нь тогтмол усан дээгүүр хөвж байдаг ногоон хөвд, замаг гэсэн утгатай үг юм.

 Буддын шашны мацаг барих ёсоор сар болгон шинийн 3, 15, битүүн гэх мэтчилэнгээр цагийн аливаа нэг сайн, муу арвиждаг хэмнэлтэй өдрүүдэд их хилэнцийг нь арвижуулахгүй, сайн буяныг арвижуулах, амьтанд туслахын тухайд гаргасан зан үйл нь мацаг барих ёс бөгөөд тэр өдөр хоол  идэхгүй байх, эсвэл цагаан хоол хэрэглэх нь аливаа шунал, муу муухайг тэвчих зан үйл юм гэж  бурханч лам Г.Пүрэвбат  өгүүлжээ. Ер нь лам хувраг хүний хувьд дандаа ном үзэж байдаг, хий их голлосон ажил хийдэг, их суудлын, хөдөлгөөн багатай байдаг учраас илчлэг өндөр хүнд хоолны шаардлага байхгүй. Иймд ном үзэж байгаа хүмүүс аль болохоор сэргэг, хөнгөн байх үүднээс хоолоо хүртэл ингэж зохицуулахаас аргагүй бөгөөд энэ нь ерөөсөө хүний хийж байгаа ажил төрөл, явдал суудлаас болж байгаа асуудал хэмээсэн бурханч ламын зөвлөгөөг өдрийн турш зөөлөн суудалтай машинаар зорчиж, албан конторт компьютерийн ард сууж хөдөлгөөн багатай байдаг хүмүүс санаж хоол ундаа тохируулан хэрэглэхийг хичээх нь зүйтэй. Монголчуудын мацаг барих ёсонд лам нар сард нэг удаа бүтэн нэг хоног дуугаа хурааж хоол, унд хэрэглэхгүй байх, ингэснээрээ хий босохоос сэргийлэн суудаг байсан бөгөөд үүнийг “нүгнээнд суух”, харин сард хоёроос доошгүй удаа үдээс өмнө бага зэрэг амны идээ хэрэглэж үдээс хойш юм идэхгүй, уух юмыг өдрийн турш маш бага хэрэглэх (үүнийгээ “гүнцэг авах” гэж нэрлэдэг) зэрэг олон аргаар биеэ цэвэрлэдэг байжээ. Ташрамд тэмдэглэхэд орчин үеийн зөв хоололтонд лам нараас суралцах зүйл их бий. Өвөг, дээдэс маань өвөл мах өөх гэх мэт биед энерги хуримтлуулах хоол хүнс иддэг байсан бол зун нь цагаан идээ идэж ходоодоо цэвэрлэдэг байсан. Гэтэл орчин үеийн хүмүүс өвөл, зунгүй мах, тос өөхтэй хоол, хүний биед муугаар нөлөөлдөг хүнсий бүтээгдэхүүн хэрэглэх болсон нь хоол боловсруулах явцад хортой бодисыг ихээр ялгаруулж олон төрлийн өвчлөлтийн шалтгаан болж байна.

Ямар хүмүүс мацаг барих шаардлагатай вэ гэхээр хоол боловсруулах системийн архаг өөрчлөлттэй ялангуяа таргалалт гэдэг өвчинд нэрвэгдсэн хүмүүс дэглэм барих шаардлагатай. Нөгөө талаар илүүдэл  жингээ хасах хамгийн зөв арга бол мацаг барих явдал юм. Мацаг барих нь 22-55 насныханд илүү тохиромжтой болохыг эмч, судлаачид зөвлөдөг. Хүн өөрийн биеийн онцлогт тохируулан долоо хоногт нэг удаа эсвэл 14 хоногт нэг удаа гэх мэтээр эмчийн зааврын дагуу мацаг барих нь зүйтэй. Тогтмол мацаг барих нь дотоод биеийн цэвэрлэгээ, хоол хүнсний зогсолтгүй эргэлтийг зогсоож, хүний биед хуримтлагдсан олон хорт бодис, илүүдэл хаягдлыг биеэс цэвэрлэж бодисуудыг задралд хүргэж гаргадаг байна. Ингэснээр хүний оюун санаа ч эрүүлжиж элдэв янзын өвчнөөс сэргийлж чаддаг.

Мацаг барихыг хэт олон хоног үргэлжлүүлвэл сөрөг нөлөөтэй. Хоёр буюу түүнээс дээш хоногоор мацаг баривал тухайн хүний даралт нь унах, толгой эргэх, ухаан алдаж унах болон өөрт хэрэгтэй эрдэс бодисын дутагдалд орж биед сөргөөр нөлөөлдөг. Хүндэвтэр хэлбэрийн зүрх судас, бөөрний болон элэгний дутагдлын үед мөн ходоодны шархтай хүмүүст мацаг барихыг хориглодог. Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд мацаг барих хэрэггүй Түүнчлэн  мацгийг гэнэт огцом бус аажим дасгаж барих хэрэгтэй. Мөн мацаг барих үедээ бясалгал хийж байхыг эмч нар зөвлөдөг. Хүн мацаг барина гэдэг нь өөрийн сэтгэлийг барьж хянахын тулд сэтгэлийн ханамжаа сайн дураараа хязгаарлана гэсэн үг юм. Иймд мацаг барихын тулд тухайн хүн сэтгэл санааны маш сайн  бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Мацаг барьдаг хүмүүс мацгийн өдрүүдэд ухаан санаа нь тод ойлгомжтой байж эрч хүч, эрүүл байдлыг мэдэрдэг. Харин эхний удаад бие махбодь чинь хэт нэвчсэн хорыг гадагшлуулж эхэлж буй учраас таныг нэлээд сульдааж болно. Чухам энэ бол мацаг үйлчилж буйн шинж юм. Нөгөө талаар бие махбодид удаан хугацаагаар тагларсан хортой хаягдлууд нь гадагшлан ялгарахад бэлэн болж буй нь тэр юм. Мацгийн үед ходоод, нарийн гэдсэнд хуримтлагдсан нян, хог хаягдлууд хэлээр дамжин гардаг. Чухам энэ үед хэлээ маш сайн хусаж хорыг цэвэрлэх хэрэгтэй. Энэ гадагшилж байгаа процесс бол цэвэршилтийн нэг үзүүлэлт юм.. Мацгийн үед цэвэр агаарт явж цэнгэг агаарыг гүнзгий амьсгалж, бие махбодын дасгалыг идэвхтэй хийх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг идэвхжүүлж хог шаарыг түргэн цэвэрлэж хөөхөд ач холбогдолтой.

Мацаг хэрхэн тайлах нь мацаг барихаасаа чухал юм. Та мацаг барьж бүх махбодоо амрааж цэвэрлэсний дараа мах, өөх тостой хүнд хоолыг ихээр цадатлаа идэх юм бол ходоод хэт ачаалалд орж мацгийн бүх үр дүн устах болно. Мацгийн дараахь өдөр усанд орохдоо арьсны нүх сүвүүдээр гадагшилсан хор, хог хаягдлыг цэвэрлэхийн тулд биеэ сайтар үрж угаах шаардлагатай.

Эцэст нь тэмдэглэхэд бүх хүмүүс мацаг барьж хоол сойж чадахгүй нь ойлгомжтой учраас мацгийн үеэр нөхцлийг хөнгөвчилж өөх тосгүй хоол идэхийг зөвшөөрдөг. Ийм мацаг ч гэсэн хүний оюун ухааныг цэвэршүүлэх хүний биеийн орон зай дахь мэдрэмжийг эмхлэхэд тусалдаг

Танай гэрийн номын санд

2012 онд хэвлэгдсэн  Ж.Октябрь. “Монголчуудын хүнс хоол”, мөн “Түгээмэл хоолны нууц жорууд” номыг Интерном, номын бусад дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Эдгээр номоос монголчуудын уламжлалт болон орчин үеийн хоол хэрэглээний онцлог, уламжлалт хүнсний тайлбар толь, монгол үндэстний хоол зуушны жор, технологи болон дэлхийд түгээмэл тархсан гамбургер, пицца, плов, барбекю, шорлог, бусад улс үндэстний бууз, хуушуур, банш зэрэг хоолны олон арван шинэ жор, бэлтгэх аргыг  уншиж мэдэх болно.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.